Thursday, April 26, 2018

Утилитари үзэл


Утилитари үзэл нь онолын хувьд аз жаргалыг гол үнэт зүйлээ болгодог. Энэ онолыг үндэслэгч нь Жэрэми Бэнтам бөгөөд тэрээр бүх хүн аливаа нэг үйлийн үр дүнд аль болох адил тэгш аз жаргалыг эдлэх эрхтэй гэж үздэг. Утилитарианизын онолыг нийгмийн халамжийн хэрэгжилтэнд мөн ашигладаг. Энэ онол нь маш эртнээс үүсэлтэй бөгөөд Хятад болон барууны философийн аз жаргал бол сайн зүйл гэдэг суурь онолоос үүсэлтэй. Энэ онолын дагуу нийгэм дэх аз жаргалыг аль болох ихэсгэхэд чиглэсэн үйл ажиллагааг хүн явуулж байх ёстой. Хүн төрийг хүлээн зөвшөөрч байна уу, үгүй юу гэдэг нь хамаагүй. Төр аз жаргалыг ихэсгэснээр зүй ёсны болно гэж үздэг. 



Ямар ч нөхцөл дэх ёс суртахууны хувьд зөв үйлдэл нь ашигтай байх ёстой бөгөөд ашиг нь аз жаргалыг ихэсгэх, ая тухтай байх гэсэн утгатай юм. Гэхдээ энэ нь хэнд ашигтай вэ? ашиг нь ямар ашиг байх вэ? зөв үйлдлийг яаж тодорхойлох вэ гэдэг асуудлууд чухал болов уу. 



Утилитарианизм нь дэлхий ертөнц дээрх бүх үйлдлээс хүнийг л хамгийн аз жаргалтай болгох үйлдлийг хайдаг гэжээ. Энэ нь онол энэ утгаараа маш таалагдсан. Нэгэнт байгуулагдсан төр нь түмний төлөө бүх нийт, хамгийн олон хүний аз жаргалын төлөө ажиллавал улс орон илүү сайхан байх юм шиг. Гэхдээ аз жаргалыг хэмжих хэмжүүр хэрэгтэй. Хүн бүрийн аз жаргалын хэмжүүр өөр өөр боловч, мэдээж нийгэм бүхэлдээ аз жаргалтай байх нь чухал мэт. Миний бодлоор нийгмийн аз жаргалыг нийгмийн эрүүл, аюулгүй, иргэддээ ээлтэй байдлаар тодорхойлох нь байна. Мэдээж хүн бүрийн аз жаргалын хэмжүүр өөр боловч аль болох олон хүн эрх чөлөөгөө эдэлж, өөрийн дураар чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөж, эрүүл агаартай, хүүхдүүд тоглох талбайтай, өөрийгөө хөгжүүлэх боломж нь бүрдсэн ажлын нөхцөл орчинтой, улсын эмнэлгүүд, төрийн байгууллагууд үйлчилгээ сайтай байвал ихэнх хүмүүс аз жаргалтай байж болно гэж үзэж байна. 



Яг одоогийн байдлаар өвлийн Улаанбаатарт Монголчууд бид тийм ч аз жаргалтай биш байгаа болов уу. Хүүхэд, хөгшид, залуучуудгүй өглөө, орой утаанд угаартаж, бага багаар хордож, утаанаас хамааралтай өвчлөл нэмэгдэж, нас барж, хотод амьдарч буй хүн ам тэр чигтээ уушги амьсгалын замын өвчлөлд өртөж байна. Үүнээс үүдэн аптек, эмнэлэгт ачаалал ихсэж, аз жаргалтай, тайван амгалан хором мөчийг өнгөрөөхөөс илүү, эрүүл мэнддээ сэтгэл зовнин, эм, эмнэлэг ярьсан, гадаа мөсөн дээр хальтарсан хүмүүсийн тоо нэмэгдсээр. Эдгээр утаанаас үүдэлтэй өвчлөлүүдэд хүүхэд, хөгшчүүл дархлааны системийн үйл ажиллагаанаас болоод илүү өртөмтгий байгаа. Мэдээж залуучууд илүү дархлаа сайтай боловч, хамар хоолойн өвчлөлүүдэд нэрвэгдсээр бага багаар эрүүл мэндээр хохирч байгаа нь дамжиггүй юм. Гэтэл өнөөдөр төр үүнд хэрхэн хариуцлага хүлээх вэ? Төр татвар төлөгчдийн мөнгөөр тэжээгддэг. Тэгэхдээ хотдоо тэд амьдарч хамтдаа хорддог болов уу. 
Монгол улс Монгол улсын иргэн нэг бүрээс бүрддэг. Гудамжинд дуулан зогсох ах хүү, сүү зардаг эгч, ТҮЦ-ний эгч, цэвэрлэгч эгч, манаач ах, гудманд алхаж буй хүн бүр энэ улсын иргэн. Гэтэл өнөөдөр тэд бүгд аз жаргалтай амьдрах орчин нөхцөл бий юу? Байрны гадаах хүүхдийн тоглоомын талбайг булаан түрээсийн байшин барих нь зөв үйлдэл мөн үү. Хүүхэд хаана эрх чөлөөгөө эдэлж, бусадтай нийлж тоглож, хөгжих вэ? Уг нь тэр л байшин боссон талбайд. 



Утилитари онол нь өөрөө маш энгийн бөгөөд мөн чанартаа гурван угтвар нөхцөлтэй. Нэгдүгээрт, ёс суртахууны хувьд маш энгийн бөгөөд сайн нийгэм гэдэг бол аз жаргалыг дээд зэргээр хангах нийгэм. Хоёрдугаарт, төр аз жаргалыг байгалийн захиргаанаас илүүд авч үздэг. Гуравдугаарт, бидний сонголт нь төр үү, байгалийн захиргаа юу? Гэх мэт. Энэ онолын нэг дутагдалтай тал нь золигт гаргах зарчим байдаг бөгөөд олонхийн сайн сайхны төлөө цөөнхийг хохироож нь болно гэж үздэгт оршино. Жишээ нь: Террорист халдлага гарвал, ард түмэн ийм халдлага дахин гаргахгүйг шаардана. Гэтэл гэм буруутнууд шүүхийн өмнө очиж шийтгэл авсан үед л энэ нөхцөл хангагдана. Хэрвээ ард түмний сэтгэл санааг тайвшруулахын тулд өөр хүмүүст энэ хэргийг тохвол хэр шударга вэ? С.Зоригийн хэргийг олон хүн шүүмжилдэг. Олны хайртай хүн нас барахад алуурчныг олоогүй удсан ч сүүлд олон жилийн дараа алуурчдыг барилаа хэмээн зарласан. Гэсэн хэдий ч энэ хэрэг эргэлзээтэй хэвээр үлдсэн. Үүний адилаар олонхийн сэтгэл санааг тайвшруулахын тулд хүн хохироох нь зохистой бол энэ нь буруу юм. Хэрвээ ингэж үзвэл хэлмэгдүүлэлтийн хэрэг нь зүй ёсны мэт харагдах мэт. 



Мэдээж орчин үед ийм аллага, хэлмэгдүүлэлт болох тохиолдол бага боловч нийгэмд ийм зүйлс гарч болзошгүй юм. Энэ нь тухайн үед төрд хэн гарсан, хэн удирдаж буйгаас ихээхэн шалтгаалах мэт. 7 сарын 1-ний хэрэг хэмээн бидний мэдэх түүхэнд жирийн иргэдийг бослого гаргалаа хэмээн цагдаа халдаж, зодсон, хорьсон үйлдэл нь зөв үйлдэл мөн үү? 



Одоо Монгол улс парламентын засаглалтай. Бид эдгээр Улсын Их хурлын гишүүдийг төлөөллийн зарчмаар өөрдсдийгөө төлөөлүүлэхээр биднийг аз жаргалтай амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлүүлэхээр , бидний өмнөөс дуугарч, шийдвэр гаргах эрхийг өгөн санал хураалтаар сонгосон. Гэтэл одоо Монголын ард түмнийг та хэр аз жаргалтай байна гэж бодож байна вэ? Баян нь хөлжиж, баяндаа үйлчилдэг, нийгмийн дунд давхаргынхан нь татварын ихэнх хэсгийг төлж, төрийн төсвийнхөө ихэнх хэсгийг бүрдүүлдэг энэ улсад бид хэр удаан, хичнээн аз жаргалтай амьдарч чадах вэ? Тэгвэл үүнийг утилитари үзлийн дагуу хэрхэн хамгийн боломжит аз жаргалтай хэлбэрт шилжүүлж болох вэ гэдгийг манай засгийн газар нэг бодож үзэх хэрэгтэй юм шиг. Бид мэдээж ганц үзэл онолыг баримтлан улс орныг удирдах нь буруу боловч, утилитари онолын дагуу аль болох олон хүнийг хэрхэн, яаж аз жаргалтай амьдруулах вэ хэмээн бодож ажиллах нь энэ төрд гарсан хүмүүсийн ажлын гол мөн чанар гэж үзэж байна. Орчин үед хүний эрх, эрх чөлөө, эрүүл аюулгүй байдлыг маш ихээр дээдэлдэг болсон. Иймд эдгээр үнэт зүйлсээ эдлэхэд нь төр маш том үүрэг гүйцэтгэж удирдан зохион байгуулах шаардлагатай гэж үзэж байна. Гэхдээ нийтийг аз жаргалтай болгох нэрийдлээр бусдын эрхийг хохироох нь зохисгүй юм. 




Л.Энхжин 
Сэдэвлэсэн эх сурвалж: Улс төрийн философи (Жонатан Вольф)


No comments:

Post a Comment

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...