Tuesday, May 8, 2018

Үнэгүй ажил

Би үнэгүй ажил хийдэг. Зарим нь намайг яагаад энэ ажлыг хийдгийг их гайхдаг. Учир нь тэд зөвхөн цалинтай ажил хийдэг. Сайн дурын ажлыг би мөнгөний төлөө биш өөрийнхөө болон бусдын сайн сайхны төлөө хийдэг. Үүнийгээ миний нийгэмд хүлээсэн үүрэг гэж боддог. Саяхан "Ted Ex Монгол"д суунгаа ингэж бодлоо. Би үнэгүй ажил хийдэг гэсэн сэтгэгдлээс ондоо зүйлийг бусдад харуулаагүй юм байна гэж бодлоо. 
1. Юун түрүүнд би бусдын өмнө хариуцлагатай байж сурсан. Үйл ажиллагаа, семинар, уулзалт, сургалт хийх бүрт хэрэгцээт тоног төхөөрөмжтэй анги, слайд бэлтгэл, цай унд... гээд жижиг зүйлс болгон чухал байдаг. 
2. Төслийн тухай ойлголттой болсон. "Улиастай номын сан" төсөл дээр ажиллахдаа, жижиг төслийн загвар гаргаж, гэрийн дотоод зураг, зохион байгуулалт, ажлын хөлс.. гээд л бүхий л зүйлс, нэг хадаас хүртэл чухал байдгийг ойлгосон. Гэр номын санд зориулсан хандиваар цуглуулсан номуудыг янзалж суухдаа энэ бол хэдэн өдрийн тууштай ажил гэдгийг мэдэрсэн. 
3. Асрамжийн газар үнэгүй хичээл заахдаа би тэдэнд хайр дутагддагийг мэдэрсэн. Мэдээж би бүх асрамжийн газрын хүүхдүүдийг аваад өсгөж чадахгүй ч тэдэнд бага ч гэсэн тусалж, ийм хүүхдүүдийн тоо багасаасай гэж хүссэн. Залуус маань гэр, бүл төлөвлөлтийг илүү сайн ойлгоосой гэж хүссэн.
4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гүйлтийн уралдаан болохоос өмнө сургалтанд суусан. Нүдээ боогоод хүн дагаж явж туршилт хийсэн. Үүнд итгэл хамгийн чухал байсан. Дараа нь сургалт дээр "Тэднийг бүү өрөвдсөн харцаар хар" гэдэг үг их тод үлдсэн. (Сэлмэн хөлт Сараагийн сургалт). Тэдэнд жирийн хүн шиг хандах ёстой гэдгийг ойлгосон. Тусалж чадахгүй бол харцаараа хүнд хэцүү мэдрэмж бүү төрүүл. Учир нь тэд ч бас жирийн иргэд. 
5. "Нүдээ нээ" хөдөлгөөнд санхүү босгохын тулд стикер зарж гадуур явахдаа би бага ч гэсэн маркетинг сурснаа мэдлээ. (Идэрээгийн старт ап хэрхэн эхлэх тухай ярианаас) Наймаа хийж үзээгүй хүн бизнессмэн болж чадахгүй шиг. Бараа борлуулж 400мянган төгрөг олсон маань үүнд зориулсан туршлага байсныг ойлголоо. 
Мэдээж сайн дурын ажил үнэгүй. Та харин ч үүнд өөрийн цаг завыг зарцуулдаг. Энэ ажил надад сэтгэлийн урам зориг, бусдад тусалж чадах юм байна гэсэн итгэлийг өгдөгөөс гадна, хувь хүний хувьд хөгжиж байдаг. Энэ бол үнэгүй ч үнэ цэнэтэй, мөнгөөр хэмжигдэх боломжгүй зүйл билээ.


No comments:

Post a Comment

Cайн дурын ажилдаа баярлалаа

Намайг Энхжин гэдэг. Би юу хийчих вэ гэж Амараа шиг шүдэнз зурахгүйээ. Би их сургуулиа хэлний чиглэлээр төгссөн. Хэл бол хэрэглээ болсон эн...